Page 349 - Артас Лич хаан
P. 349
Хорин дөрөвдүгээр бүлэг
Нортрендын хөлдүү мөсөн гадарга доогуур эртний нерубианы хаант
улсын балгасаар хэр удаан аялснаа ч Артас мэдсэнгүй. Нарны гэрлээс
зугтаах багваахай адил нүдээ цавчлан гэрэл өөд сажлахдаа тэрээр
хоёрхон зүйлийг эргэцүүлэв. Нэг нь Лич Хааныг цагтаа амжиж аврах
болов уу гэсэн эргэлзээ, нөгөө нь тамын энэ харанхуй газраас эсэн
мэнд гарах болов уу гэсэн эргэлзээ байлаа.
Нерубианчуудын хаант улс цагтаа үзэсгэлэн төгөлдөр байсан нь
нүдэнд илт байлаа. Артас энд юу харна хэмээн найдаж байснаа сайн
мэдээгүй боловч гэгээлэг хөх, ягаан хөх өнгийн нурсан хананууд мөн
өрөө, корридоруудыг тэмдэглэсэн геометрийн төвөгтэй дүрсүүд
түүний бодсончлон аймаар зүйл төдийлөн биш байв. Гэмтэлгүйгээр
гоо сайхнаа хадгалан үлдсэн газар доорх хотын зарим хэсэг одоо ч
гэсэн үзэсгэлэнтэй хэвээр байгаа нь анх ямар байсан бол хэмээн
бодоход хүргэнэ. Тэднийг урагшлахад нэгэн сонин үнэр хөврөн дагаж
эхлэв. Артас энэ үнэрийг юутай ч зүйрлэж эс чадав. Хурц эхүүн агаад
хуучирч хатсан мэт боловч тийм ч таагүй биш, ялзарч муудсан
үхдлийн үнэртэй адилгүй аж.
Ануб’аракын хэлснээр тэд дөт зам олсон хэдий ч хугацаа хожсон зам
бүр дээр цусан отолт хүлээж байх болов. Тэд хонгилын гүн рүү
нэвтэрмэгцээ анхны дайралтанд өртлөө.
Тэднийг уруудахад халдагчид харанхуйгаас гэнэт гарч ирэн, арав
хориод аалз мэт амьтад тэдэн рүү ууртайгаар довтлов. Ануб’арак
цэргүүдийнхээ хамт шууд тулаанд оров. Артас ганц хором эргэлзсэнээ
тулаанд орж, цэргүүдээ ч тулаанд орохыг уриалав. Нерубианчуудыг
хор цацаж дайрахад нерубианчуудын шүлсээ савируулан исгэрэх,
үхэгсдийн ёолон архиралдах, амьд некромансеруудын дуу тавин
орилолдох чимээ агуйгаар нэг цуурайтав. Ануб’арак Зузаан
наалдамхай тороор илүү аюултай гэсэн хэдэн аварга аалзыг тогтоож,
хурц иртэй урт хөлөөр газар доороос хатгаж, тэдний эсэргүүцлийг
зогсоов.