Page 36 - Артас Лич хаан
P. 36
Тэр бараг л шалан дээр таваг хагалах чимээ гаргах мэт бүгдийн
анхаарлыг өөртөө татав. Хүүгийнхээ зүггүй аашинд түүн рүү харж
эелдэгхэн инээмсэглэх Лианн Хатан тавь дөнгөж гарч байгаа гэхэд
үзэсгэлэнтэй, толиотой харагдана. Хатан гэзэгнээсээ ганц ч салаа үс
гаргалгүйгээр алтан даруулгаар даруулж, ямар ч өөгүй хувцасласан
харагдана. Арван дөрвөн настай эгч Калиа нь анх Ялагдашгүйг
төрөхөд харсан унаганы нүд мэт усан гөлрөнгө харцаар ширтэж
хөмсөг зангидав. Түүнийг гадуур хэрхэн дүрсгүйтсэнийг Калиа аль
хэдийн сонссон байх эсвэл зүгээр л түүнийг хоцорсонд уурлаж байгаа
байх. Аль нь ч байсан түүний таагүй байгаа нь илт байв. Теренас хүү
рүүгээ толгой дохиод залбирлаа эхлүүлж байсан хамбатан руу эргэж
харав. Артас дотроо дургүй байсан ч түүний харцыг зөөлрүүлэхийн
тулд худлаа хүзүүгээ урагшлуулав. Троллбэйн ч хүүг огт
анзаарсангүй, Мурадин ч бас, тэд эргэж харсан ч үгүй.
Артас арын ханыг тулсан урт сандлуудын нэгийг налан толгойгоо
түшүүлэв. Хамбатан гараа өргөж гарыг нь дагах бүдэг цагаан туяаны
араас залбирлаа эхлүүлэв. Артас урдаа суугаа охиныг жаахан ч боловч
хажуу тийш эргэвэл царайг нь хальт харах юмсан гэж бодно. Энэ хэн
бэ? Юутай ч сурвалжит язгууртан хэн нэгний охин болох нь илэрхий,
үгүйсэн бол хааны гэр бүлийн мөргөлд уригдах учиргүй. Артас
мөргөлийн уншлагаас илүүтэй түүнийг хэн байж болох вэ хэмээн нэр
усыг нь таамаглахыг хичээж суув.
“…мөн Эрхэм Дээдэс Артас Менетил,” хэмээн хамбатан зөөлөн
хоолойгоор түүнд хандахад, Артас ямар нэг чухал юм хэлснийг нь
сонсолгүй өнгөрөөчихэв үү гэсэн мэт гэнэт цочвол, “Таны хэлэх үг,
хийх үйл, санах санааг Ариун Гэрэл адислаж сайн паладин болгон
хүмүүжүүлэхийг Гэрэл танаа даатгая.” гэхэд, өөрийг нь адислан
шившиж буйг сая ухаарсан Артас дотор нь уужирч биеэр нь гэнэт
халуу оргив. Биеэ барихаа больж тайвширсан тэрээр тухтай нь аргагүй
хөлөө жийн суув. Хамбатан түүнээс харцаа шилжүүлэн хатан болон
гүнжийг адислаж, “Ариун Гэрэл Эрхэм Дээдэс Хатан Лианниг
адислаж, түүнийг --” гэх мэтээр үргэлжлүүлэх хамбатны хүн бүр дээр
адислаж дуусахыг жуумалзан хүлээнэ.