Page 42 - Артас Лич хаан
P. 42
“Би зүгээр ээ, Каяван,” гэж Жэйна хажуунаас хэлээд, “Би жаахан
хүүхэд биш ээ.” гэхэд,
Артас улам бүр инээд алдан шүдээ ярзайтал хөхрөөд, хэдэн цагийн
дараа энэ хэвээрээ л байгаасай гэж найдья хэмээн бодов.
Зарц нар буудаллахаар бэлтгэх зуур Артас Жэйна хоёр зугаалахаар
одов. Тэд хамтдаа нэгэн толгод өөд мацаж, хараа үл гүйцэм цэлгэр
талыг харав. Нүдний үзүүрт баруун хязгаарт тариачдын бяцхан тосгон
Амбермилл мөн Барон Силверлэйны цамхагын шовх үзүүрүүд хүртэл
харагдах аж. Зүүнтээ нь аниргүй орон зайд цайран харагдах
Далараныг, мөн урд зүгт нүдэнд хамгийн тод үзэгдэх хорих
лагеруудыг харав. Хоёрдугаар дайны төгсгөлөөс хойш, оркуудыг
эдгээр хорих лагеруудад авчирч хорих болсон аж. Оркуудыг харсан
газартаа үгүй хийхийн оронд ингэж хорих нь илүү өршөөнгүй гэж
нэг удаа Теренас Артаст тайлбарласан байлаа. Тэрнээс гадна, оркууд
үл мэдэгдэх нэг өвчинд шаналах болсон аж. Хүмүүс тэднийг мөшгиж,
агнаж байхад харгис хэрцгийгээрээ цуутай байсан оркууд үл ялиг
эсэргүүцэл үзүүлээд хорих лагеруудад туугдан ирдэг болжээ. Энэ
хорих лагер шиг лагерууд Холбоотны нутагт хэд хэд бий.
Зам зуур хоноглож буй тул тэд шарсан туулайг шүлсээрээ норгон
идээд, харанхуй болмогц хэвтэцгээв. Бүгд унтсан эсэхийг шалгасны
дараа Артас дээгүүр нөмөрсөн цэрэг цамцаа авч чулуудаад, гутлаа
дүрэн босов. Юмыг яаж мэдэх вэ гээд чинжаалуудынхаа нэгийг
бүсэндээ хавчуулаад Жэйна руу мяраасаар очив.
“Жэйна,” гэж тэр шивнээд, “сэрээч.” гэв.
Жэйна огт айлгүйгээр чимээгүйхэн сэрж, сарны гэрэлд нүд нь
гэрэлтэнэ. Түүнийг босч суумагц Артас арагш суугаад уруулаа
хуруугаараа дарав. Жэйна “Артас уу? Юу болоов? Бүх юм зүгээр үү?”
гэж шивнэв.
Артас хариуд нь инээд алдаад, “Чи адал явдалд дуртай юу?”
Охин толгойгоо гилжийлгээд, “Ямар адал явдал?” гэхэд,

