Page 62 - Артас Лич хаан
P. 62
чадварлаг тулаанч болсныг ядах юмгүй ойлгов. Хэрэв Тралл орговол,
өөрийн энэ ур чадвараа бусад оркуудадаа зааж өгөх болно.
Харуул хамгаалалт сайжирсан гэж байгаа боловч тэр оргож
болзошгүй. Хааны ордны чанх харалдаа доор орших Андерситигээс
олон харуул хамгаалалтыг үл тоон Оргрим Дүүмхаммер оргож чадсан
юм чинь Тралл ч бас Дарнхолдоос оргохгүй гэсэн баталгаа байхгүй.
Төрийн айлчлал тав хоног үргэлжлэлээ. Энэ өдрүүдийн нэгэн үдэш
Тарета Фокстон хун тайжийн хувийн өргөөнд зочлон ирлээ. Тэрээр
гэнэт хаалга тогшиход хувийн зарц нар нь түүний өмнөөс хариу
өгөөгүйд гайхсан ч юу юунаас илүүтэй дур булаам охин цар дүүрэн
амттан барьсаар үүдэнд нь зогсож байхыг хараад хачин гайхшрав.
Түүний нүд цөлөгдсөн мэт газар шагайх ч охины өмссөн даашинзыг
ширтэх залуу хун тайж тэр даруй яриа өрнүүлж чадсангүй.
Охин хагас сууж ёслоод, “Энэ амттан таны таашаалд нийцэх байх
хэмээн Блекмүүр эзэнтэн намайг илгээлээ,” гэж хэлээд хацар нь улайв.
Артас юу хэлэхээ мэдэхгүй самуурав.
“Эзэндээ талархаж байна гэдгийг минь дамжуул—гэхдээ би өлсөөгүй
байна. Бас миний зарц нар хаачсан юм бол гэж гайхаж сууна.”
“Тэднийг бусад зарц нартай цуг хоолонд урьсан.” гэж Тарета
тайлбарлаад өөд харсангүй газар шагайсаар зогсов.
“Тийм бий. Дэслэгч генерал өгөөмөр хүн юм. Зарц нарт минь
таалагдах байх гэж найдаж байна.”
Охин хөдлөсөнгүй. “Өөр хэлэх юм байна уу, Тарета?”
Охины булбарай хацар улам ягааран улайрч, толгойгоо аажуухан
дээшлүүлж, тайван тогтуун харцаар хун тайжыг ширтэж, “Эзэн
Блекмүүр, энэ амттан таны таашаалд нийцэх байх гэж намайг
явууллаа,” гэж давтан хэлээд, “Энэ таны таалалд нийцэх болов уу?”