Page 65 - Артас Лич хаан
P. 65
Ер нь бол тэр одоо мөргөлийн хичээлд сууж байх ёстой ч эцэг нь
Стромгард руу Утерын хамтаар дипломат аялал хийхээр явсан тул
Артаст хэд хоног үдээс хойшыг сул өнгөрөөх завшаан тохиосон
байлаа. Тиймээс цаг агаар бага зэрэг таагүй байсан ч тэр эдгээр
өдрүүдийг дэмий өнгөрөөхийг хүсэхгүй байв. Тэрээр дасал болсон
Ялагдашгүйн дэл зогдорт наалдан ойн цоорхой руу хурдлана.
Адгуусны явдал газарт дагтаршсан зузаан цасанд бага зэрэг удаашрах
ч Артас өөрийнхөө болон аварга цайвар хүлгийнхээ толгой хаялан
тургих цагаан уурыг харж байлаа.
Дахин цас орох шинжтэй бүүдгэр тэнгэрээс бүдүүн ширхэгтэй
зөөлөн цас биш залхуутайгаар хийсэх жижиг жижиг цасан ширхэгүүд
орж байснаа хатуу болор мэт мөндөр болон шаагиж эхлэв. Артас
хөмсгөө зангидан урагш довтолгов. Дахиад жаахан давхиад буцна даа
хэмээн өөртөө хэлэв. Тэр Балнирын ферм дээр зогсож болох юм.
Тэднийд очоогүй нилээн удаж; Жорум Жарим хоёр ч усан мэлрэнгэ
нүдтэй бяцхан унага нь ямар сүр жавхлант хүлэг болсныг харахыг
хүсч байгаа байх.
Гэнэтийн энэ бодол түүнийг жолоо мушгихыг шаардаж, Артас зүүн
хөлөөр Ялагдашгүйг сурамгай гуядав. Морь ч эзнийхээ хүслээр
дуулгавартай гэгч нь тэр дороо эргэв. Цас шигүү шуурч, жижиг
ширхэгүүд ил гарсан биеийн хэсгүүд дээр чийг даан бууж байлаа.
Артас юүдэнгээ толгой давуулан урагш татаж өөрийгөө далдлав.
Ялагдашгүй зун цагийн халширмаар шавьжнуудыг үргээх мэт
толгойгоо сэгсрээд, арьсаа татвалзуулав. Хүлэг нь хүзүүгээ сунган
Артаст улам тааламжтай сэтгэгдэл төрүүлэх гэсэн мэт уулын замаар
уруудан хурд авав.
Тэд удахгүй том харайлт хийнэ, тэрний дараа ордон орохоос өмнө
хүлгээ амраах дулаахан жүчээ, өөрийгөө аяга халуун цайгаар
дайлуулах газар бий. Артасын нүүр хүйтэнд мэдээ алдсан мэт хөшиж,
ам нь ээрэн, сайхан ширэн бээлий нь гарынх нь дулааныг тогтоохгүй
байгаа мэт санагдав. Хөрсөн гараар жолоогоо улам чанга атгаж,
хуруунуудаа улам нугалж, Ялагдашгүйг харайхаас өмнө өөрийн