Page 71 - Артас Лич хаан
P. 71
Өчигдөр орой Варайантай хамт сууж, дарс ууж яриа өрнүүлсэн нь энэ
айлчлалын хамтын таатай үе байсан мэт Артаст санагдав. Арван
жилийн өмнө гэнэтийн халдлагад өртөж, хайртай бүхнээ алдаж,
харуусаж шаналан ирсэн тэр жаал хүү өөртөө итгэлтэй, өндөр
царайлаг, төвийг сахьсан хүчирхэг хаан болж өсчээ. Өчигдөр шөнийн
зугаатай мөчүүд дахин тархинд нь буулаа. Тэд хоёул шөнө дундаас
хойш, бараг үүр цайх хүртэл багийн сурсан зангаар хоёул зэвсгийн
агуулахт модон илдээр хоорондоо тулалдаж, эртний дурсамжуудаа
эргэн санаж, удаан инээлдэж билээ. Энэ зуур уусан дарс нь тэдний ур
чадвар болоод авхаалж самбаанд огт нөлөөлсөнгүй. Варайан багаасаа
бэлтгэлтэй байсан, үргэлж л сайн байсан харин одоо бүр сайн болжээ.
Артас ч бас сайжирсан, тэрээр багийн найздаа чадах бүхнээ харуулсан.
Харин одоо бүх юм албан ёсны болоод бас энэ чөтгөрийн халуун,
хүнд дуулга мөн удахгүй хүртэх гэж буй их нэр хүнд өөрт нь хэт
хүнддэх байх мэт гэмэргэн бодол болж явлаа.
Артас өөрийн энэ мэдрэмжээ урьд нь маш ховорхон Утерт хэлдэг
байжээ. Анх ухаан орох цагаас мэдэх болсон харшгүй хүч, нугаршгүй
итгэлтэй энэ ахимаг паладин Артасыг эргэлзэх бүрт Ариун Гэрэлд
хөдлөшгүй итгэлээр зүтгэ хэмээх хариултаар хариу барьж айлгадаг
байлаа.
“Залуу минь, хэн ч бэлэн байдаггүй юм. Хүн бүр л үүнийг өөрт нь
хүнддэнэ гэж боддог. Харин яагаад гэдгийг нь чи мэдэх үү? Яагаад
гэвэл хүн бүрт хүнддэг юм. Гэрлийн ач ивээл цэвэр бөгөөд туйлын
энгийн. Бид хүн, хүн төрөлхтөн учраас төрөлхийн ийм сул дорой
байдлыг өвлөж авсан байдаг юм -- тийм шүү -- элфүүд, одой нар
бусад бүх төрөлтнүүд ч мөн адил өөр өөрийн гэсэн сул тал,
дутагдалтай. Гэсэн ч Ариун Гэрэл биднийг ивээж байдаг. Заримдаа
маш ховорхон агшинд бид өөрсдийн хүч чадлаа мэдэрч гэрэлтдэг
болохоор Гэрэл биднийг хайрладаг юм. Биднийг бусдадаа туслаг гэж
Гэрэл бидэнд хайр ивээлээ өгдөг юм. Бид үнэндээ төгс хүчтэй болж
чадахгүй ч Гэрлийн энергийг ашиглаж өдөр бүр мэрийвэл өрөөлд
тустай үйл бүтээнэ гэж Гэрэл бидэнд ивээлээ харамгүй хайрладаг.”