Page 77 - Артас Лич хаан
P. 77
хүмүүс хүндэтгэлийн ширээг бүчин авахад бүгдийн биеэ барьсан
албан ёсны ёсорхол ул мөргүй арилсан байлаа. Варайан байдгаараа
инээд алдаж, түүнийг чангаас чанга тэврээд мөрөн дээр нь хүчтэй
алгадсан ч мөрнийх нь төмөр дуулга дээр буусан гар нь өвдөж гараа
татаж авлаа. Артас өөрийн мэдэлгүй эргэж энэ л агшинг хамтдаа
хуваалцахыг хүсэж, гүн-цэнхэр нүдээр өөрийг нь инээмсэглэн
ширтэж буй Хатагтай Жэйна Проудмуур руу харц шилжүүллээ.
Тэр хоёр Мөнгөн Нударгатны Бүлгэмийн шинэхэн гишүүнд баяр
хүргэхээр шахцалдан овоорч буй олон хүмүүсийн хоёр талд бие
биенээ сэм харцаар харалцана, Артас ч давтагдашгүй энэ боломжийг
алдахыг хүссэнгүй, Жэйнатай харц мөргөлдүүлж байлаа. Нэг л
мэдэхэд Артас түүнд хүрч, зүүн гараараа нарийхан гуалиг гэдсээр нь
ороож бариад өөр рүүгээ татсан зогсож байв. Түүнийг тэврэхэд
Жэйна цочсон мэт харагдах ч, тааламжтай байгаа нь царайнаас нь
илэрхий байлаа. Жэйна тэврэлтийг тэврэлтээр хариулж, хэсэг зуур
мөрийг нь түшиж инээмсэглээд арагш хөлөө тавиад бас л
инээмсэглэсээр байлаа.
Энэ агшинд зуны халуун үдээр ёслолын уухай түрэн баяр хөөртэйгээр
бархиралдах хурсан олны дуу чимээ ч сонсогдохоо больж, түүний
нүдэнд зөвхөн нарны бүдэг сэвхтэй, инээмсэглэж буй энэ охины төрх
л тод харагдаж байв. Би түүнийг үнсэж болох болов уу? Би түүнийг
үнсвэл яах бол? Тэр өөрийн эрхгүй үнсэхийг хүсч байлаа. Гэсэн ч
түүнийг ингэж шийдэж ядаж байх зуур Жэйна арагш ухарч, хонгор
шаргал үстэй охинлог царайных нь урдуур өөр нэгэн хонгор шаргал
үст охины царай орж ирлээ. Калиа инээд алдсаар дүүгээ чангаар
тэврэв.
“Бид бүгд чамаар маш их бахархаж байна, Артас,” хэмээн уулга алдав.
Артас ч инээд алдаж хариу тэврээд эгчийнхээ талархлыг хүлээн
авсандаа баяртай байсан ч зориг гарган адмиралын охиныг
үнсээгүйдээ харамсаж байв. “Чи гайхалтай паладин болно оо, Би
мэдэж байна.” хэмээн Калиаг дуусгахад,