Page 81 - Артас Лич хаан
P. 81
“Чи үүнийг мэдрэхгүй байна уу?”
Жэйна аажуухан толгой дохив. Тэрээр өөрийн сэтгэлийн түгшүүрийг
цаг агаартай, ялангуяа хэт чийгтэй, таагүй болох үетэй холбоотой
хэмээн тайлбарлахыг оролдоно. Гэсэн ч Аегвинн түүнд тэр бүхнээс
илүү далд шалтгаан бий хэмээн өөрийн үгийг хэлэв. Терамор арлын
удирдагч гучин настай удган Жэйна Проудмуур цаглашгүй өндөр
настай энэ эмэгтэйн зөв гэдгийг мэдэж байлаа. Түүний үгийг сонссон
Жэйнагийн уруулд үл ялиг инээмсэглэл тодроод арилав. Тэрээр
зугаатай, жаргалтай өнгөрүүлсэн өөрийн залуу насыг, Артас
Менетилтэй хамт өнгөрөөсөн цөөн боловч амттай бага залуугийн
явдлыг эргэн дурссан аж.
“Надад түүний талаар яриач,” хэмээн Аегвинн хүсэмжлээд
сандлынхаа түшлэгийг налан арагш гэдийв. Энэ агшинд шинэхэн
буцласан цай, саяхан зуухнаас гаргасан амтат жигнэмэг барьсан зарц
нарын нэг нь орж ирлээ. Жэйна аягатай цайг талархан аваад,
“Би таньд мэдэх бүхнээ ярьсан шүү дээ.” гэхэд,
“Үгүй ээ,” хэмээн Аегвинн эсэргүүцэн хариулаад, “Чи надад юу
болсон тухай болсон явдлыг л хэлсэн. Би чамаас түүний, өөрийнх нь
тухай сонсмоор байна, Артас Менетилын тухай. Яагаад гэвэл одоо
Нортрендэд юу ч болж байсан --тиймээ тэнд ямар нэг юм болж байгаа,
энэ нь одоохондоо Лич Хаантай холбоотой биш харин Артастай
холбоотой. Одоохондоо түүнтэй холбогдож эхлээгүй байна. Түүнээс
гадна,” хэмээн хөгшин эмэгтэй дүрсгүй жаахан охиных шиг маргад
эрдэнийн ногоон нүднийхээ доорх сүүдэртсэн урт урт үрчлээсийг
тэнийтэл инээгээд, “ийм хүйтэн, бороотой өдрүүдэд л урьдын сайхан
явдлуудыг ярьдаг юм.”