Page 79 - Артас Лич хаан
P. 79
Хоёрдугаар хэсэг
Гэрэлт хатагтай үзэгдэл
Энэ өдөр ёстой л Жэйнагийн дургүй өдрүүдийн нэг байлаа-
уйтгартай бүүдгэр, шуургатай бас хавирга нэвт үлээх хүйтэн
салхитай. Тэнгисийн сэвшээ салхи халуун зуны улиралуудад ч
Тераморыг үргэлж сэрүүн байлгадаг хэдий ч хотыг балбах салхи
бороо хослосон өнөөдрийн жихүүн шамрага хавирга нэвтэртэл үлээж
байлаа. Тэнгис гунигтайгаар давалгаалж, дээр нь тэнгэр заналхийлэх
мэт бүүдийнэ. Энэ тэнгэр мөд онгойх шинжгүй ээ. Гадаа,
сургуулилтын талбай нул шавар шавхай болж, гаднаас ирэгсэд
хоргодох газар хайн дэн буудлын үүдээр шавна. Доктор ВанХаузен
гэнэтийн хүйтрэл болоод чийгшилээс улбаатай ямар нэг өвчин газар
авч магадгүй хэмээн өвчтөнүүдээ үзэж байгаа харагдана. Жэйнагийн
хамгаалагчид бороонд цутгуулан юу ч хэлэлгүй зогсоно. Мэдээж тэд
өрөвдөлтэй харагдаж байлаа. Жэйна өөртөө болон өөрийн хүндэт
зөвлөхдөө тусгайлан найруулсан данхтай цайг хүйтэн өдрийг тэвчин
зогсож буй харуулуудад аваачиж өг хэмээн зарц нарынхаа нэгт тушаав.
Дараагийн данх цайг найруулаад өөрөө уухын тулд хүлээх хэрэгтэй
болов.
Аянга нижигнэж, цахилгаан цахилах чимээгээр эргэн тойрон цайран
гэрэлтэв. Хамгийн эрхэмлэдэг ном судруудаараа хүрээлүүлэн цамхаг
дотроо тухтай суусан Жэйна цочин чичирч, хажуу дахь нөмрөгөө
татаж ойртуулаад, өөрөөс нь илүү таагүй мэт царайлсан хажуу дахь
хүн рүү эргэж харлаа.
Магна Аегвинн, Тирисфалын ууган Хамгаалагч, аугаа зөнч Магус
Медивийн төрүүлсэн эх, нэгэн цагт энэ ертөнцийн хамгийн хүчирхэг
эмэгтэй байсан тэрээр галын дэргэд дөхүүлсэн сандал дээрээ цай
шимэн сууна. Үрчлээтэж мойногшсон хуруунуудаараа аягаа атгаж,
халуун цайны дулааныг нь өөрт шингээхийг хичээнэ. Саяхан орсон
цас мэт урт цагаан үс нь мөрөө даван унжина. Жэйнаг ойртон ирж,
өмнөх сандал дээр суухад тэрээр өөдөөс нь харав. Түүний маргад
эрдэнэ мэт гүн ногоон нүд юуг ч гээлгүй бүхнийг мэдэх мэт,