Page 10 - Бат хааны байлдан дагуулал
P. 10
Яахав, ард түмэн бүр өвөг дээдсийнхээ гарамгай үйл хэргээр
бахархах, ой тоондоо хадгалах эрхтэй билээ. Өнгөрснөө дурсах бол
үндэсний ухамсрын хамгийн чухал нь биш гэхэд нэгэн чухал тулгуур
юм. Энэ байр сууринаас асуудалд хандвал зохиогч болон түүний
бүтээлийн монгол редакторуудын үнэлгээ, бахдлыг үгүйсгэх нь
утгагүй. гэхдээ Чингис хаан ба батын аян дайнд оросууд бид өөрсдийн
байр сууринаас үнэлгээ, тайлбар өгөх эрхтэй бөгөөд эдгээр нь тэдний
үзэл бодлоос өөр байж болохыг тэд ч гэсэн хариу хүлээн зөвшөөрөх
хэрэгтэй.
Гэвч зохиогчтой маргаж болох зарим нэг зүйл бий. Тухайлбал,
монголчуудын аян дайн хүн төрөлхтний соёл иргэншлийн цаашдын
хөгжилд үзүүлсэн нөлөөг хэрхэн үнэлсэн тал дээр мэтгэлцэж болно.
«Бид хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн үүргээр нь Монголын
байлдан дагууллыг Христофор Колумб 1492 онд Америк тивийг
нээсэнтэй, 1789 оны Францын хөрөнгөтний их хувьсгал ялсантай ...
адилтгамаар байна» (29 дэх тал) зэрэг үнэлгээ нь зөөлөн хэлэхэд маш
эргэлзээтэй. Америк тивийг нээсэн явдал болон Францын их хувьсгал
нь хэдийгээр үхэл, хохирол дагуулсан ч наанадаж Европын
материаллаг ба оюуны хөгжилд хүчтэй түлхэц үзүүлсэн юм.
Монголчуудын байлдан дагууллын хувьд гэвэл зохиогч өөрийн
бүтээлдээ дүрсэлсэн дүр зураг нь дээрх эргэлзээтэй адилтгалыг
няцаах үндэслэл болох билээ.
«XIII зууны монголчуудын хувьд дээрэм тонуул нь амь насаараа
дэнчин тавьж, аян дайнд мордохын нэг үндсэн шалтгаан байв. Ялсан
нь дээрэмдэж, ялагдсан нь дээрэмдүүлдэг нь дайны жам хойно Хятад,
Орос, Перс зэрэг орныг тоносон хэмээн XIII зууны монголчуудад ял
тулгах эрх хэнд ч үгүй.
XIII зууны монголчууд дэлхийг байлдан дагуулахаар төрсөн, Чингис
хаан болон түүнийг залгамжлагчид монголчуудыг удирдан
чиглүүлэхээр төрсөн байлаа. Чухамхүү дэлхийг байлдан дагуулж,
соёл иргэншлийн түүхэнд тод ул мөрөө үлдээсэн үндэстэн
монголчуудаас өөр ховор юм» (37 дахь тал) гэсэн зохиогчийн
өгүүлбэрт «ийм цуст ул мөрөө» гэсэн тодотгол оруулах хэрэгтэй юм.