Page 12 - Бат хааны байлдан дагуулал
P. 12
Орос хэвлэлд зориулсан өмнөх үг
Юуны түрүүнд би бол түүхч биш, тиймээс миний ном нэг сэдэвт
түүхийн зохиол биш гэдгийг онцолж хэлмээр байна. Гэсэн хэдий ч би
чадлынхаа хэрээр анхдагч эх сурвалжуудад түшиглэхийг чармайж,
түүхийн жимээр хазайлгүй урагшлахыг хичээсэн юм.
Яг хоёр жилийн өмнө миний ном Монголд хэвлэгдэхэд түүнийг хэзээ
нэгэн цагт орос уншигч эх хэлээрээ уншаасай гэж мөрөөдөх төдий
байлаа. Гэвч томоогүй мөрөөдөгчдийн онгодыг оруулж, жигүүртэй
болгохын тулд л мөрөөдөл байдаг шүү дээ!
Энэ ном Бат хааны байлдан дагууллын тухай монгол зохиогчийн
гараас гарсан анхны бие даасан судалгаа болсон нь сонирхолтой. орос
уншигчийн мэлмийд хүрч буй Монголын байлдан дагууллын үр
дагаварын тухай монгол судлаачийн үзэл бодлын анхны илэрхийлэл
болох хувь өдгөө энэхүү бүтээлд маань тохиожээ. Саяхныг хүртэл
Оросод зөвхөн орос түүхч, судлаачийн үг сонсогдож байлаа. Тэгвэл ар
талгүй зоос үнэ цэнтэй билүү?
Өнөөдөр би өөрийн бүтээлийг шүүлгэн хэлэлцүүлэхээр орос
уншигчийн өмнө баяртай нь аргагүй дэлгэн тавьж байна. Гэхдээ
баяртай нь аргагүй гэж хэлэх нь хангалтгүй юм. Үүн дээр ихээхэн
эмээж гэж нэмж болох юм. Энэ нь ч ойлгомжтой.
Монгол, Оросын түүх салшгүй холбоотой. Бат хааны байлдан
дагуулал Орос-Монголын харилцааны нэгэн чухал үе болсон нь
маргаангүй. Магадгүй, Оросын түүхэнд ийм гүн гүнзгий, нэвт
шингэсэн нөлөө үзүүлсэн ард түмэн монголчуудаас өөр үгүй байж
болно. Түүнчлэн оросуудыг өөрийн талхин доор байлгасан ард түмэн
монголчуудаас өөр үгүй билээ. Гэхдээ эрхэм уншигч та үүнд
ундуйцаж бухимдахыг урьтал болгох гэсний хэрэггүй. Би ганц л
зүйлийг онцлох гэсэн юм. Хэрэв бат хаан хажуугаар нь сүнгэнээд
өнгөрсөн бол Орос орон тэс өөр гольдролоор хөгжих байсан. Хэдэн
зууны турш үргэлжилсэн монголчуудын талхи оросын цаашдын бүхий
л түүхэнд өөрийн гэсэн ул мөрийг үлдээсэн билээ.