Page 17 - Бат хааны байлдан дагуулал
P. 17

Чингис хаан, бат хаан ба ертөнцийн суут долоон жанжин


                Азийн цээжнээ төрсөн монгол хүмүүний хувьд миний бие эх түүхээ
                шимтэн  сонирхож,  судалдаг  нэгэн  билээ.  Монгол  түмний  хувьд

                ховорхон тохиох тэр үе бол XIII зуун бөлгөө. Улс орон маань туурга
                тусгаар болж, төрөө төвхнүүлсэн төдийгүй, Төв Азиас хальж, Еврази
                тивийг хамарсан түүхэнд үзэгдэж байгаагүй их гүрэн болон тэлсэн нь
                монголчууд бидний зүй ёсны бахархал юм.


                Сүүлийн үед энэ талаар багагүй судалгаа хийгдсэн ч танд толилуулж

                буй  залуу  эрдэмтэн  Чойжилжавын  Чойсамбын  бичсэн  «Бат  хааны
                байлдан дагуулал» ном түүхийн баялаг материалд тулгуурласан, шинэ
                содон санаа дэвшүүлснээрээ Уншигч таны сонирхлыг гарцаагүй татах
                юм. Эх түүхээрээ бахархах үзэл, сэтгэл эл номд нэвт шингэсэн болох

                нь  түвэггүй  ажиглагдана.  Уншигч  та  эл  номын  эхний  хуудсыг
                эргүүлэнгүүт  дэлхийг  донсолгосон  тэр  үеийн  үйл  явдалд  татагдан
                орж, өөрийн эрхгүй амтархан унших болно.


                Эх түүхээ мэддэг, судалдаг, сурталчилдаг байх нь иргэн бүрийн үүрэг.
                Үүнийгээ  ухамсарлан,  бичиж  туурвиж  буй  Ч.  Чойсамбадаа  гүн

                талархал  илэрхийлэхийн  сацуу  эл  номд  оршил  бичих  болсныгоо
                хүндтэй үүрэг гэж үзээд, Монголын түүхнээ алтан үсгээр сийлэгдэн
                мөнхлөгдсөн  Чингис  хаан,  Бат  хаан  нарыг  дэлхийн  цэргийн  шилдэг
                жанжнуудтай харьцуулан туурвиснаа Таны мэргэн оюунд өргөн барья.



                Хүн  төрөлхтний  түүх,  ялангуяа  улс  төрийн  түүх  бол  дайн  дажны
                түүх гээд хэлчихвэл нэг их буруутахгүй байх. Учир нь хүн үүсч бий
                болсон цагаасаа эхлээд үржил шимтэй газар нутаг, ан гөрөөс арвинтай
                ой  тайга,  загас  элбэгтэй  гол  нуурын  төлөө  өөр  хоорондоо  тэмцсээр
                ирсэн. Тэмцлийн хэрээр зэр зэвсэг, байлдах арга нь улам боловсронгуй

                болж  байв.  Өдгөө  XXI  зуунд  ч  гэсэн,  даяаршил,  хөгжил  дэвшлийн
                эрин  үед  дэлхийн  өнцөг  булан  бүрт  том  жижиг  дайны  гал
                дүрэлзсээр… Дайн гэдэг ойлголт, магадгүй, хүн төрөлхтнийг оршин

                тогтнох бүхий л хугацаанд сүүдэр лүгээ дагах нь ёс мэт.
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22