Page 20 - Бат хааны байлдан дагуулал
P. 20
шилдэг арми Александрын гар доор байлаа. Гэхдээ түүний гавьяа нь
эл шилдэг армийг ялалт, амжилт руу ямар нэг алдаа эндэгдэлгүй
хөтөлсөнд оршино. Долоон жил үргэлжилсэн аян дайны үр дүнд
Александр ганц ч ялагдалгүй Бага Ази, Сири, Финики, Египет, Перс,
Афганистан, Хойд Энэтхэг зэрэг асар олон орныг эрхэндээ оруулж
чаджээ. Хожим их гүрний эзэн болчихоод хэд хэдэн гариг ертөнц
оршдог тухай Демокритийн зохиолыг уншчихаад Александр: «Гэтэл
би энэ дэлхийг ч эзэгнэж чадаагүй байдаг» хэмээн санаа алджээ. Суут
байлдан дагуулагч 33-хан настайдаа өөрийн байгуулсан гүрний
нийслэл Вавилон хотод таалал төгссөн байна. хамт тулалдаж, цусаа
асгаруулж явсан шадар жанжнууд нь Александрыг амьсгал хурааж
байхад түүний чимх чимхээр хураасан их улсыг хуваан булаалдаж,
хажуугийн өрөөнд нь хэрэлдэж байлаа. Александрыг нас барснаас
хойш гурав хоноход түүнийг оршуулчих хүн байгаагүй бөгөөд
цогцос нь халуунд хөөсөн байна. Тэр даруй их гүрнийг Птолемей,
Селевк, Антигон гэдэг гурван жанжин нь хувааж, тус тусын улс
байгуулжээ.
Ганнибал (ХТӨ 246-183) бол Александраас дутуугүй авьяастай нэгэн
байсан ч байлдан дагуулагч байсангүй. Хүүхэд ахуйдаа Карфагены
заналт дайсан Ромтой бүх насаараа тэмцэнэ гэж тэрээр андгай
тангараг өргөсөн бөгөөд үхэн үхтлээ үүнээсээ няцаагүй юм. Тэр
цагаас хойш тангарагтаа үнэнч хүнийг «Ганнибалын тангараг
өргөсөн хүн» гэж ярих болсон билээ. Ганнибалын суу билиг юунд
орших вэ? Тэрээр эх нутаг, ар талаасаа тасархай ч 17 жилийн турш
Италийн нутаг дэвсгэрийг түйвээж, ромчуудын зүрхэнд шар ус
хуруулж байжээ. Альпийн нурууг армийнхаа хамт даваад ирэхэд нь
ромчууд үнэндээ итгэж чадахгүй байв. Италийн газар нутаг дээр
тэрбээр нэг ч ялагдал хүлээгээгүй бөгөөд Канн дахь сонгодог
ялалтынхаа дараа Ромд тулж очиход хотод айдас хүйдэс дээд цэгтээ
хүрсэн байна. Үүнээс хойш «Ганнибал хотын хаалганы өмнө!» гэдэг
хэллэг нь их айдсаас болж галзуурах дөхсөнийг илэрхийлэх болжээ.
Гэвч хэдэн зуун мянган хүнтэй, сайтар бэхлэгдсэн хотыг бүслэн хаах
хүн, хүчээр Ганнибал дутмаг байсан учир Ромыг тойроод өнгөрсөн
байна. Хэд хэдэн ялагдал амссан ч цэрэг-дайны потенциал нь
сулраагүй ромчууд гайхалтай шийдвэр гаргаж, Ганнибалтай

