Page 9 - Бат хааны байлдан дагуулал
P. 9
Монголын сэтгүүлчийн туурвисан номыг хамгийн ерөнхий байдлаар
нь тодорхойлбол Бат болон түүний байлдан дагууллыг биширсэн
магтан дуулал гэж хэлж болно. Чингис хаан ба түүний ач Батыг
зохиогч «суут», «агуу», «цэцэн» зэргээр өргөмжилж байна. Энэхүү
номын монгол редакторууд ч гэсэн энэ тал дээр зохиогчтой санал
нийлж байгаа юм. Тухайлбал, академич Ж. Болдбаатар: «Бат хаан
үнэхээр оюун билиг төгөлдөр, авир ялдам, зохион байгуулах асар их
авьяастай, эцэг өвгөдийн сургаал, захиасыг ягштал баримталдаг сод
хүмүүн байв… Эдүгээ бид, хоёр аугаа их том хөршийнхөө дунд
нүүдлийн соёл иргэншлийн улбааг хадгалсаар XXI зуунтай золгосон
нь үлэмжийн их Чингис хаан, түүнийг залгамжлагч Бат хаан нарын
ихэс дээдсийн маань ухаан, үйл мөрийн хаялга бөлгөө» (орос
хэвлэлийн 13 дахь тал) гэж бичжээ. Хоёр дахь өмнөх үгийг зохиогч Ж.
Энхбаяр Монголын байлдан дагуулагчдыг дэлхийн түүхэнд нэрээ
дуурсгасан шилдэг долоон жанжин гэж өөрийн үздэг Македонийн
Александр, Ганнибал, Цезарь, Шведийн ван XII Карл, Их Фридрих,
А.В. суворов, Наполеон Бонапарт нартай харьцуулаад, тэднийг ямар ч
хэмжүүрээр шүүсэн Чингис хаан болон Баттай эн тэнцэхгүй гэж
дүгнэсэн байдаг. Тэрээр: «...Ертөнцийн шилдэг долоон жанжин дундаа
6 сая 900 мянга орчим ам дөрвөлжин км газар байлдан дагуулсан... 7
сая 770 мянган ам дөрвөлжин км газар нутаг бол ганцхан Чингис
хааны байлдан дагуулсан газар нутаг» (24 дэх тал) гэж бичсэн байна.
Улмаар Энхбаяр: «Байгуулсан улс, түүний оршин тогтносон хугацаа,
түүхэнд үлдээсэн ул мөрөөрөө ертөнцийн долоон шилдэг жанжны
аль нь ч Чингис хаан, түүний ач Бат хаантай эгнэхгүй юм» (25 дахь
тал) гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Ингэхлээр эрдэмтэн бус, гүн ухаанч бус, хууль тогтоогч, эсвэл
барилгачин бус, харин байлдан дагуулагч «Монголын ард түмний сод
төлөөлөгч» болж таарч байгаа бөгөөд энэ нь ч аргагүй юм. Нэг зүйл
хэлэхэд жанжны суу билгийг байлдан дагуулсан газар нутгийн
талбайгаар хэмждэг юм бол дээр нэр дурдагдсан долоо дээр Сибирийг
байлдан дагуулсан хасаг атаман Ермак Тимофеевичийг нэмэхэд
буруудах зүйл ер үгүй.