Page 27 - Бат хааны байлдан дагуулал
P. 27
Солонгосын сэтгүүлч Ким Жон Рэ Чингис хааны тухай «Мянган
жилийн түүхэн хүн» бүтээлдээ дэлхийн шилдэг байлдан дагуулагчид
хэр хэмжээний газар нутаг дээр соёл иргэншлийг тохинуулсан болохыг
тооцоолон гаргажээ. Хэрэв Наполеон 1 сая 150 мянган ам дөрвөлжин
км газар нутгийг байлдан эзэлсэн бол Гитлер 2 сая 190 мянга, харин
Македонийн Александр 3 сая 480 мянган ам дөрвөлжин км талбай
дээр ноёрхлоо тогтоосон байна. Тэгвэл Чингис хаан тэр гурвынхыг
бүгдийг нь нийлүүлснээс илүү буюу 7 сая 770 мянган ам дөрвөлжин
км газар нутгийг байлдан эзэлж, тэр асар уудам талбай дээр энх тайван
тогтоож, соёл иргэншлийг цэцэглүүлжээ.
Нэмэж өгүүлэхэд «Их» хэмээх эрхэм өргөмжлөлийг амьддаа хүртсэн
Фридрих Европт арав гаруй жил үргэлжилсэн хоёр том дайныг
дэгдээчихээд, улсынхаа нутаг дэвсгэрийг ердөө 76 мянган ам
дөрвөлжин км талбайгаар л «өргөтгөжээ». Тэгвэл Суворовт байлдан
эзэлсэн нутаг байсангүй. Харин Ганнибал, Карл нарыг нас эцэслэхэд
Карфаген, Швед аль хэдийнэ гүрний статусаа алдаж, газар нутаг нь ч
хумигдсан байв. Тэгэхлээр ертөнцийн шилдэг долоон жанжин дундаа
6.900.000 орчим ам дөрвөлжин км газар байлдан дагуулсан болж
таарах нь. Эндээс Ганнибал, Карл нарын алдсан нутаг дэвсгэрийг
хасвал бүр ч бага тоо гарна.
7 сая 770 мянган ам дөрвөлжин км газар нутаг бол ганцхан Чингис
хааны байлдан дагуулсан газар нутаг бөгөөд үүнд Бат, Хүлэгү,
Хубилай зэрэг түүний тэнгэрлэг ач нарын эзэлсэн улс орныг
хамруулаагүй болно. Хэрэв чингэвэл дээрх тоо хэд дахин өсөх нь
гарцаагүй.
Чингис хааны байгуулсан Их Монгол улс 1368 оныг дуустал их гүрний
зиндаанд оршин тогтносон бөгөөд 1691 онд л тусгаар тогтнолоо
алджээ. 1206 оноос хойш 485 жил өнгөрчээ. Бат хааны 1243 онд
байгуулсан Алтан Ордны улс 1357 он хүртэл гүрний зиндаанд байж,
1480 он болтол Орос орныг хараат байлгаж, 1502 онд таран бутарчээ.
1243 оноос хойш 259 жил өнгөрсөн байна. Тэр хоёр байгуулсан
гүрнийхээ хөгжил, цэцэглэлтийг харсаар, атаат дайснаа дарсаар амар
жимэр өөд болжээ. Жанжин хүн байлдааны талбарт амьсгал хураах нь