Page 56 - Бат хааны байлдан дагуулал
P. 56
Монголчууд маш нарийн зохион байгуулагдсан тагнуулын, ухуулга
сурталчилгааны, мөн дайсныг худал мэдээллээр хууран мэхлэх албатай
байлаа. Аливаа дайн мэдээлэл цуглуулахаас эхэлж, дайсны сул тал, цаг
агаарын онцлог, ирээдүйд байлдааны ажиллагаа болох газар нутгийг
судална. Үүний зэрэгцээ дайсны зоригийг мохоох, дотроос нь хагалан
бутаргах, элдэв цуу яриа тараах, хүн амын дунд янз бүрийн ашиг
сонирхолтой иргэдийг хайж олох, тэдгээрт ихээхэн хэмжээний шан
харамж амлах зэрэг ажил зохиогдоно.
Аян дайнд гарахын өмнө цэргүүдийн зэр зэвсгийн бүх нийтийн үзлэг
болно. Зэр зэвсгээ арчилж гамнаагүй, чанарын шаардлага хангахгүй
байдалтай авч явж буй хүнийг хатуу цээрлүүлдэг байв.
Аян дайнд мордмогц тагнуул ангиуд ажилдаа гарч эхэлнэ. Тагнуул
ангиуд үндсэн хүчнээсээ 70 гаруй км-ийн өмнө явж, байдлыг тандана.
Их цэргийн хоёр жигүүрээр ч гэсэн тагнуулууд мөн зайтай явна.
Монголын тагнуул, туршуулууд 30 орчим км-ын зайд энгийн нүдээрээ
хүнийг амьтнаас ялган харах чадвартай байсан гэдэг. Явахгүй газаргүй
тагнуул ангиуд дайсны байрлалыг илрүүлж, өөрийн цэргийн
хөдөлгөөнийг халхалдаг байв. Монголчуудад бүрэн бүслэгджээ, тэд
энд тэндгүй байна гэсэн сэтгэгдэл дайсанд нь төрөх тохиолдол
түгээмэл байв.
Үндсэн ангиуд нь тус тусдаа давших бөгөөд харин тулалдах болбол
хүчээ нэгтгэнэ. Морин цэргийн ангиуд нэг нэгээсээ салангид хөдлөх
боловч элч, эсвэл утаан дохионы тусламжтайгаар бие биетэйгээ
байнгын холбоотой байна. Дайсан монголчуудын бодит хүч болон
байршлын талаар ямар ч мэдээлэлгүй байдаг байв. Өөрийн хүчийг
мэдэгдэлгүйгээр монголчууд хэдэн өдрийн турш зугатаж, дайснаа
урхиндаа оруулах тохиолдол ч цөөнгүй байлаа.
Хэрэв тулалдах болбол монголчууд гол төлөв зуут зуутаараа дэлгэмэл
эгнээгээр жагсдаг байв.
Эхний хоёр эгнээ нь хүнд морин цэргийн зуутуудаас бүрдэнэ, тэдний
араас хөнгөн морин цэргийн зуутууд гурван эгнээгээр жагсана.