Page 57 - Бат хааны байлдан дагуулал
P. 57
Дайсны хоёр жигүүрийг тусгай ангиуд нэг довтолж, нэг ухарч байнга
сандаргана. Энэ үеэр гол хүч давшилтанд орно. Хөнгөн морин
цэргийн зуутууд хүнд морин цэргийн зуутуудын хооронд байрлалаа
эзэлж, урагш давшин дайснаа харваж эхэлнэ. Дайсан довтолгоонд
орсон тохиолдолд харваачид харвасан чигээрээ хүнд морин цэргийн
байршлын ард орно. Энэ үед харин хүнд морин цэрэг дайснаа жад,
сэлмээрээ угтана. Дайсны хүчийг бартал монголчууд энэ хувилбараа
хэд хэд давтана. Дайсан тамирдахад хар, эсвэл цагаан далбаа өргөж
(оройн цагт бол дэнлүү) дохио өгөх бөгөөд тэр даруй ерөнхий
давшилт эхэлнэ. Хэрэв тулалдаанд ерөнхий жанжин биечлэн байлцаж
байгаа бол асар том бөмбөр нүдэх чимээнээр монголчууд давшилтаа
эхэлнэ.
Хөнгөн морин цэргийн зуутуудаар дэмжигдсэн хүнд морин цэргийн
довтолгоон эгнээгээ алдсан, сульдсан дайсныг арчаад өнгөрнө.
Монголчууд хэзээ ч дайснаа бүрэн бүсэлдэггүй бөгөөд тэдэнд “алтан
гүүр” олгодог. Ийм нөхцөлд эсрэг тал амь гарах боломжоо ашиглаж,
эсэргүүцлээ зогсоогоод зугатдаг байна. Чухам энэ үед монголчууд
дайснаа элдэж, нэг бүрчлэн хядна. /.../
Гагцхүү дээд удирдлага тушаал өгсөн тохиолдолд л монголчууд
ухарна. Маш чанд сахилга бат дайчдыг дур мэдэн ухрахаас сэргийлнэ.
Ганц цэрэг ухарсны төлөө бүхэл бүтэн аравт хатуу цээрлэл хүлээдэг
байлаа»[39] хэмээн бичжээ.
Дээр дурдсан грек галын тухай судлаач Ж. Базарсүрэн: «Тэрхүү шатах
холимогийг ихэнх түүхч 673 оны орчим [Византийн эзэн хаанд алба
хашиж байсан] Гелиополийн механикч Каллиник зохион бүтээсэн гэж
үздэг бөгөөд уг холимогийг битүү саванд хийгээд урвуур, чөдөр
оньсоор шиддэг байжээ. тийнхүү шидэгдсэн сав хагарангуут уг бодис
агаартай холилдон асах агаад ус хийвээс улам дүрэлзэн шатдаг байж.
Түүнээс хойш олон зууны турш дундад зууны алхимичдээс эхлэн
орчин үеийн нэрт эрдэмтэн судлаачид хүртэл Грекийн галын нууцыг
тайлахаар оролдсоор авч хараахан хариу олоогүй байна»[40] гэж
тэмдэглэсэн байдаг.